Chinbat
2 min readApr 9, 2023

Цэцэглэх мод адил

Бүйлс цэцэглэх ба хүний залуу нас, авьяас гийх хоёр адилхан үзэсгэлэнтэй. Хавар бүйлс хамгийн түрүүнд цэцэглэдэг. Цэцэглэсний дараа навч нь гарч, хүний анхаарал нэг их татахгүй навчит бут болж хувирна. Яг л хүнтэй адил.

Хүмүүс залуу, идэр насандаа өөрийн онцгой авьяас, хүсэл тэмүүллээр бусдаас ялгарч, цэцэглэсэн бут адил онцгой сайхан байдаг. Тэгэхдээ ганц бүйлс мод барагтай л бол ургаж, цэцэглэдэггүй. Түүний дэргэд таваас олон өөр бүйлс байх хэрэгтэй бөгөөд ингэж тэд ураг, төрлөөрөө нэгдэн урган байж үзэсгэлэнт цэцгээ дэлгэнэ. Хүний нийгэмтэй адилхан.

Хэдий сайхныг сэдэн үйлдэгч байвч тэр хүн дэмжигч, хамтрагчгүй бол урагш ахихгүй. Яг л сайн зохиолч, зураач байгаад үзэгч, уншигчгүй бол мартагдахын адил. Харин лууль, шарилж зэрэг түрэгч ургамал шиг байгалийн хамаг шим тэжээлийг сорж, өөр шигээ ашиггүй үй олон үр хаядаг ургамал мэт зэрлэг бодгалиуд хаана ч байна.

Бүйлсийн модонд микориз үүсэж, зөгий, хэдгэнэ зэрэг ашигт шавьж хамтдаа амьд байгалийг урлаж амьдардаг. Харин лууль, шарилжтай зөвхөн хортон шавьж л үүрлэн амьдарна.

Улс үндэстэн ч мөн модтой адил санагдана. Салхинаас нөмөрлөх хайрхан уул мэт хууль цаазын өмөг түшиг байхгүй бол ямар ч сайхан жимстэй модны цэцэг хагдарч, үр шимээ өгөхгүй. Тэр газар хатаж, гандана. Оронд нь байгалийг зөвхөн цөлмөх зэрлэг лууль мэт хүн сүрэг үржиж олширно.

Байгалийн дэргэд хүний нас бүйлс цэцэглэж, хагдрахын адил хоромхон билээ. Цог жавхлант залуу нас цагийн эрхээр салхинд алдуурч оддог. Тиймээс дэргэдээ байгаа ариун нандин бүхнийг ариун хэвээрээ харагдаж байгаа тэр цагт нь хайрлаж, хамгаалж, авьяас чадвар бүхнийг зүлгэж, урамшуулж байгаарай. Уншиж, боловсорсоор цэцэглэдэг мод байх уу, залхуурч, бэлэнчилсээр цөлмөдөг лууль болох уу гэдэг та бидний өөрсдийн сонголт билээ.

Chinbat
Chinbat

Written by Chinbat

Эссэ, ярилцлага, аяллын түүхүүд

No responses yet