Манайх шиг гашуун түүхтэй улс ховор

Chinbat
3 min readJan 20, 2024

--

Өмнөд орноор өртөөлөн явсаар үзэж харсан зүйлсээс зарим нэг сэтгэдлээ тоймлон буулгалаа. Одоо ба ирээдүйд зарим нь хэрэг болж магадгүй юм. Тэгэхдээ энэ тэмдэглэлийг хоёр цагийн дараа устгана аа.

- Түмэдийн Алтан хаан Хөх хотыг анх байгуулсан 450 гаруй жилд оршин тогтносон өвөрлөгч монголчууд үндсэндээ өөр хүмүүс болж хувирахад хэдхэн жил үлджээ.

- Хэл мартагдахын хэрээр хүний сэтгэл ба сэтгэлгээ дагаад өөрчлөгддөг байна. Миний тааралдаж, уулзсан олон мянган хүмүүст нийтлэг нэг зүйл ажиглагддаг нь.

Монгол хэлээр настай хүмүүс хамгийн сайн ярьдаг.

Дунд эргэм насны хүмүүс дунд зэрэг ярина.

Харин залуу болон хүүхдүүдийн хувьд монголоор ярьдаг боловч ойр зуурын амьдрал ахуйн жирийн үгсийн хооронд хэлбэлзэнэ.

Залуу хөгшингүй олон хүн ном унших, тэр тусмаа соёлын, уран зохиолын, за түүнээс цааших манайд гардаг олон төрлийн бизнес, хүний хөгжлийн түвшний номыг шууд ойлгож унших хэмжээнд маш цөөн хүн байдаг бололтой.

- 1890-ээд онд болсон “Цагаан алчууртны урвалга” гэх зүйл гарч Бээжингийн зүүн хойно байдаг олон монголчуудыг гэнэт хүйс тэмтэрч устгасан гашуун түүх байна. Ерөнхийдөө 100–150 мянган хүн зургаан сарын дотор үгүй болжээ.

Тэр үед залуу эрчүүд нь өмнөд газар гарсан бослого дарах манжийн цэрэгт татагдаж одоод, нутагт нь хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу хүмүүс гартаа ямар ч барих зэвсэггүй байсны улмаас өөрсдийгөө хамгаалах аргагүй болсон гэдэг. Улмаар амьд үлдэгсэд нь хойд хошуу нутаг руу ихээр дүрвэж одоод оронд иргэн хүмүүс ихээр түрэх болсон.

- Энэ шалтгаанаар тус нутгийн хүмүүст монгол хэлэнд хүчээр махчлан орчуулсан олон хятад үгс олноор нэвтэрчээ. Энэ нь төв болон баруун монголчуудын чихэнд нэн сонин, ойлгоход төвөгтөй буудаг байна.

- Одоо цагт дараах номуудыг худалдан борлуулахыг хориглож, маш ховорт тооцогдох болсон бөгөөд зарим ном нь олон мянган зоосны үнэтэй болжээ. Үүнд 1980-аад оноос өмнө хэвлэгдсэн Монгол хэлний ном, хэлц үгсийн тайлбар, эрдэмтэн Сайшаалын “Чингис хааны товчоон” хийгээд бусад түүхэн бүтээлүүд орно.

- Ийнхүү монгол хэл соёлын цөм болсон ном бичгүүд аажмаар элс болон замхрахад түүнийг орлон дээр өгүүлсэн Тунлио зүгийн нэн болхи үг хэллэг бүхий хэвлэмэл бүтээлүүд ор эзлэн үлджээ.

- Хүний тархи оюун хэмээгч нь уншиж байж сэтгэх цар хүрээ нь тэлдэг байна. Тархины фитнесс дутуу хийсэн хүмүүс ой муутай, амьдралын наанадаж зүйлсийг ойлгож сэрэх чадамжгүй болдог ажээ.

- Цэвэр сайхан яриатай, цэгцтэй сайхан бодолтой хүмүүс цөөнгүй тааралдах боловч их элсэн дунд торойх Тоорой модны төгөл адил ажээ.

- 1870-аад онд Чин улсыг сулруулах гэсэн Англи, Оросын нөлөөгөөр гарч ирсэн Хуй хуй буюу “Дунгааны бослого” гарч маш олон монголчуудыг тонон дээрэмджээ. Тэр үед хүч нь суларсан манж улсын байдлыг ашиглан тангад иргэд Хөх нуурын хошууд руу хүч түрэн орж ирэх болжээ.

Тэнд мөн л олон арван жил амар жимэр суусан монголчууд биеэ хамгаалах зэвсэг хомсын улмаас хүн амынхаа 50 илүү хувийг алджээ.

Улмаар хошууд тэргүүтэй маш олон монгол аймгууд тангад хэв маягаар хувцаслаж, тангадаар ярих зэргээр их хэмжээгээр уусчээ.

Чин улсын бодлого 1840-оод оноос хатуурч, Хөх нуурын монголчуудын толгойд сэлэм тавьж байгаад ном судрыг нь хүчээр галдан шатааж устгажээ. Энэ үйл явцыг ойр ойрхон олон жил давтан явуулсны улмаар манжид дагаар орсноос цаашхи үеийн түүхээ мэддэг хүн тоотой үлджээ.

Тэр цагийн түйвээн манай Засагт ханы хийгээд Сайн ноён хошууд буюу одоогийн Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихээхэн нутгийг хамарч цөлмөн дээрэмдсэн үйл явдал тоймгүй их гарчээ.

Манжийн хаад анх Төв болон Өмнөд монголын ноёдод маш их хэмжээний бэлэн мөнгө олгож, алдар нэр шагнаж, нутаг оронд нь харь үндэстэн оруулахгүй байсан. Гэвч тайван, тэмцэлгүй амьдрал удахаараа энэ мэт үр дүнд хүрдэг ажээ.

Цагаан алчууртны бослого гарахаас өмнө нь тэр хавийн ноёд газраа тариачдад түрээслэдэг байжээ. Жил бүр газар түрээслэсний сул ашиг аваад ханахгүй “харилцагчид”-аа хэтэрхий дээрэнгүй, эрээ цээргүй хандсаар байсан бөгөөд нэг л мэдэхэд өөрсдийгөө үзэн яддаг харгис үзэлтэй, ядарсан хүмүүсээр нутаг ус нь дүүрч, өөрсдөө цөөнх болоод ар өврөөсөө ямар ч хамгаалалтгүй болсноо мэдээгүй байжээ.

Энэ мэт гашуун түүхийн жимээр жин тээж явахад ирээдүй цагт бидэнд ирж болох олон сэр сэтгэл жихүүцүүлэх аж

--

--

Chinbat

Эссэ, ярилцлага, аяллын түүхүүд