Зөгий ба зуурдын амьдрал

Chinbat
5 min readNov 20, 2022

--

Галт тэрэг цагтаа хөдлөн, гишгүүрээ хураах мөчид Ганзориг бид хоёр харайж ороод, инээд хөөр болсоор амжин суусан нэг аялал байдаг юм. Тэр үед би “Зүүдчин хүү” гэдэг монгол үлгэр уншсан бөгөөд одоо бичиж буй зүйлтэй тэр үлгэр хамааралтай санагдсан тул эргэн дурслаа. Юу гэхээр үлгэрт баян хаан зүүд тайлагч нэгэн хүүг сорьж, мэтгэлзэж байгаад олон жилийн зовлонд гэнэт уначихдаг юм.

Эзэрхэг хаан маань элсэн цөлд үхэл хагацал, үгээгүй ядуурлыг үзсэн эмгэнэлт амьдралынхаа хатууг даалгүй худаг руу өөрийгөө үйж үхэх гэсэн боловч нэг сэрээд хартал худагт биш хатныхаа хормой руу толгойгоо хийгээд хашгичиж буйгаа олж мэддэг. Хаантан, “Сая хэр зэрэг удав аа?” гээд бодоход өмнөх цай нь хөрч амжаагүй, тийм л ахархан хугацаа өнгөрсөн аж. Цаг хугацаа харьцангүй гэдгийг физикийн “Утасны онол” ерөнхийдөө сайхан тайлбарлаад өгсөн байдаг. Тийм л зүйл болсон гэлтэй.

Энэ зун, Сөгнөгөрт зөгийн дээрээ аяга кофе чанаж уухдаа энэ тухай би эргэцүүлэн байлаа. Миний амьдрал ч гэсэн аягатай цай хөрөхийн дайтайд зурс хийгээд өнгөрчих шиг маш хурдан өнгөрөөд байгаа санагддаг юм. Сая л хавар болж байсан атал одоо нойтон цас дарчихсан байна. Нэг их салхинд туугдсан адил яарч, зэрэг зэрэг олон хүний хийх ажил амжуулах гүйх хэрэг байгаа ч юм уу?
Зөгий бол ердөө 42 хоногийн настай амьтан, эх зөгийний хувьд 2–3 жил идэвхитэй өндөглөх чадвартай. Хатантай нийллэгт орохоос өөр үүрэг багатай эр зөгийг намар хүйт орохоор охин зөгийнүүд үүрнээс хөөн зайлуулж, хоол тэжээлээ хямгадаж эхэлдэг.

Шар тэмдэгтэй нь хатан зөгий

Зөгий бас ч яг 42 хоног наслахгүй. Өвчин, хачиг, хорт бодисууд, хоол тэжээлийн хүрэлцээ, бусад зөгийний дайралт зэрэг олон шалтгаанаар хоногийн тоо гүйцэж болно. Тухайлбал зөгийчин хүн үүр, хайрцагны дотрох хэмжээг алдагдуулж, хайж яйш байлгавал өндөг, үрвэлдэй үхэх ба тэр бүл зөгийн хүч сулрахад хүрнэ. Хүний нийгэмд эрх баригчид буруу бодлого явуулахаар систем гажуудаж, стресс нийтлэг асуудал болж, хүний эрүүл мэнд их доройтдогтой адил гэх үү. Дээр дурдсан хачиг бол эр зөгийний үүрнээс гарч ирдэг, бүр мөсөн алга болгочихож чадахгүй байгаа нэг хөнөөлт хүчин юм. Энэ нь хүний нийгмийн бас нэг үзэгдэлтэй адил санагдана. Төсөв захиран зарцуулахад гарын үсэг зурахаас өөрөөр нэг их амьдралд нэмэргүй олон дарга нар манай нийгэмд бий. Эр зөгий дэмий олон байх нь хөнөөлт хачиг ихсэх үндэс болдог адил хэрэггүй дарга олон байхаар тэдний цүнх баригчид гэж баахан нөхдүүд хийе, бүтээе гэсэн хүмүүсийн нуруун дээр тээр дараа болдогтой төстэй.

Хүн зөгийтэй ойлголцохын тулд хэмжээ ашигладаг ба 1 мм зай нь зөгийний хувьд 10 см-тэй тэнцэнэ үздэг байна. Хатан зөгий өдөрт 2000 хүртэл өндөг гаргах чадвартай байдаг нь эргээд зөгий тэр хэрээр хорогдож, үхэж байдагтай холбоотой билээ.

Энэ нь л миний ярих гээд байгаа “Зөгий ба зуурдын амьдрал” гэх товшлолыг харьцуулж харах өнцөг болсон юм. Хүн ч мөн адил үхэж, төрөхийн энэхэн хооронд зарцуулж буй цаг хугацаа нь бусад өөр бодгалиудад илүү богино байж болох шүү дээ. Хараад байхад хүмүүс амьдралыг хоёр янзаар ойлгодог бололтой юм. Эхний хэсэг нь хүн ганц л төрнө, үргэлжлэл гэж байхгүй гэж боддог бол өөр нэг хэсэг нь хүн төрөл дамжиж, олон дахин төрдөг гэж итгэдэг байна. Энэ бол шууд квант шинжтэй ойлголт тул хүн өөрөө үхэх хүртэл яг аль нь үнэн болох нь тодорхой биш. Бүр нарийн хэлбэл хоёр хувилбар нэгэн зэрэг 50%, 50%-ийн магадлалтай байна. Дээр нь олон төрлийн шашны итгэл үнэмшил, тайлбаруудыг нэмбэл амьдралын утга учир туйлын тодорхойгүй, хүн бүр өөрсдийнхөөрөө тайлбарласан хаос шинжтэй харагдана.

Миний нүдэнд зөгий бол төрөөд л, нислэгт гарч бал цуглуулаад л, үхээд л байх бөгөөд энэ эргэлт дунд тэдний амьдралын туйлын зорилго нь юу юм бол гэж асуумаар санагдана. Тэдний нягт амьдралын хэв маягийг нэгд нэгэнгүй алгоритм бичиж ачааллуулсан юм шиг маш тодорхой, эмх цэгцтэй байдаг. Тэгэхдээ “Зөгий яах гэж зөөж бал хурааснаа” мэддэг юм болов уу? Хүн бид ч бас юуг эрхэмлэж энэхэн цаг хугацаагаа зарж, амьдарч явна вэ?

морин дэл цэцэг

Намар болов. Би зөгийндөө зориулж морин дэл гэх цэцэг тарьсан нь 9 сар өнгөртөл цэцэгтэй байсан тул байгалийн маш олон зөгий манайд зочлон ирэв. Дээр нь өөр хоёр айлын зөгийн суурь манайхтай тун ойролцоо буужээ. Ер нь намар “Зөгий дайруулах” гэж ойлголт байдаг ба Оросууд Украйн руу орж ирээд хамаг тариа будаа, уул уурхайг нь дээрэмдэн авч буйтай адил үзэгдэл тэнд болж байна гэсэн үг. За, Орос Украйн гэж хүмүүс талцаж магадгүй тул, эртний монголчууд хятадууд дээр очиж тарьсан тариа, нэхсэн торгыг нь хүчээр булаасантай адилтгая. Хэрэв зөгийчин би муу ажиллаж, манай сүрэг хүч султай байвал халдагч этгээдүүд зөгийг олноор нь устгах, өвлийн идэш тэжээлийг хулгайлах, түүгээр ч зогсохгүй хатан зөгийг устгах хүртэл аюултай байдаг аж. Ийм бодит эрсдэл манай зөгийн дээр бий болсон байлаа. Байгалийн тоос хүртээгч шавьж нарын олон төлөөлөл цэцгийн талбайд ирж буух нь сонирхолтой бөгөөд “Биологийн олон янз байдал” гэдэг зүйлийг нүдээр үзэж, тэдний тэнцвэрт бага ч атугай хувь нэмэр оруулж буйдаа баярлам сэтгэгдэл тэр үед төрж байлаа.

Тулааны дараа. Үхэр хэдгэнэ зөгийн үүрэнд мөнх нойрсжээ

Тэгэхдээ бас өөрийнхөө зөгийг бусдад дээрэлхүүлээд байхгүй хэмжээний хүчтэй, хамгаалалттай байх ёстойг энэ үед ойлгож ухаарна. Нөгөө “Даяаршлын үед улс үндэстнүүд өөрсдийн дархлаагаа авч үлдэх ёстой” гэсэн үзэлтэй адил үр дүнг тэднээс олж харж байлаа. Тэгэхдээ энд нэг чухал зүйл бий.

“Зөгий байхгүй бол амьдрал төгсөнө” гэдэг үгийг та хаа нэгтээ сонссон л байлгүй. Тэгвэл бидний балыг нь авч буй гаршуулсан зөгий маань бүх ургамалд тоос хүртээх чадваргүй, нэлээд хязгаарлагдмал тооны цэцэг, жимсэнд тоос хүртээль хийдэг. Үлдсэн буюу тоос хүртэгч цэцэг ургамлын 95%-ийг байгалийн зэрлэг зөгийнүүд хийж гүйцэтгэнэ. Энэ бол Антофилийн бүлгийн 16,000 мянган төрөл зүйл зөгийний тухай яриа юм. Тэд бараг л тус тусдаа цэцэг, ургамалд зориулагдан төрсөн байх аж. Яг л загвар зураач, дизайнер хүмүүс урлагийн салбартаа нуур нугас болж, гагнуурчин, мужаанууд алх дөшиндөө эзэн болдог шиг тус, тусын хувь заяа, чиг үүрэгтэй төржээ.

Тэдгээр байгалийн зэрлэг зөгийг хороож, устгахыг Европд хориглодог, маш өндөр торгууль ногдуулдаг байна. Ганцхан жишээ дурдахад алимны модны цэцэглэлтийг зөвхөн балт зөгийнд даатгавал 96%- нь тоос хүртэхгүй буюу алимны ургалт 96%-иар буурна гэсэн үг юм.

Ингээд харахаар зөгий үхэж, төрөхийн энэхэн зууртаа байгалийн тэнцвэрийг хадгалах агуу үүрэг гүйцэтгэнэ. Дээр дурдсан байгалийн зэрлэг зөгийнүүд намар хаа нэгтээ аюулгүй газар үүрээ засаад, идэш тэжээл болох бал цуглуулж бэлдээд, өндөгөө гаргаад үхдэг. Урин хавар болоход өнөөх өндөг амилж, ахин зөгий амтат балны шүүс цуглуулж, алаг цэцэгсийн тоос зөөх нөр их ажилдаа орно. Харин хүн бидний оршихуйн утга учир юу юм бол доо? Ямартаа ч үр хойч маань эргэж төрөх орон аюулгүй орон зай, хоол хүнстэй байхад тэд өөрсдөө учраа олно. Харин салхинд туугдсан юм шиг юм бүхэнд яарч байхаа аль болох больж, хайртай дотны хүмүүстээ жаахан ч гэсэн цаг илүү гаргах юмсан гэж хичээдэг болоод байгаа.

--

--

Chinbat
Chinbat

Written by Chinbat

Эссэ, ярилцлага, аяллын түүхүүд

No responses yet